Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ

Тариалан сум үүссэн товч түүх, танилцуулга

2024-04-16

Хөвсгөл аймгийн Тариалан сум үүссэн товч түүх

Танилцуулга

 

Аймгийн зүүн хязгаарын газар тариалангийн бүс болсон Тариалан сум нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Намнан уулын хошуу, Богд хан уулын аймгийн Булганхан уулын хошуунаас тасарч байгуулагджээ.

Орон нутгийн захиргааны сонгуулиар олон жижиг сумыг нутгийн байршил, харьяалсан өрхийн суурьшил  байдлыг харгалзан цомтгож нэг том нэгжид төвлөрүүлж байв. Сумын ардын төлөөлөгчдийн хурлууд 1931 оны 3-р сард болж ,Тариалан сумыг байгуулах ардын  иргэдийн хурлаар сумын захиргааны даргаар Амарын Содовыг, нарийн бичгийн даргаар Хайдавын Сэмжид нар сонгогдож, 1931 оны 4-р сард аймгийн анхдугаар их хурлаар Тариалан сум байгуулагдсаныг баталснаар Хөвсгөл аймгийн засаг захиргааны бие даасан үндсэн нэгж болжээ. 1935 онд тус сум 949 өрх, 2963 хүн ам, 16208 малтай байв.  

1937 онд хүний болон мал эмнэлгийн салбар үүсэж, мөн онд бичиг үсгийн түр сургууль, түүний залгамж болж, 1939 онд ардын хүүхдийг үнэ төлбөргүй сургах анхны бага сургууль байгуулагджээ. 1939 онд малчин ардын дунд хоршооллын  анхны хэлбэр үүсэж “Сэлэнгийн долгио” нэгдэл байгуулагдсанаас хойш 1952 онд “ Их нөхөрлөл” нэгдэл, 1954 онд “Алтангадас “ нэгдэл, 1956 онд “ Социализмын зам “ нэгдэл байгуулагдаж, нэгдэлжих хөдөлгөөн эхлэх үеэр 1959 онд дээрх нэгдлүүд нэгдэж “ Их нөхөрлөл “нэгдэл болжээ.

1937 оны 7-р сард ЗХУ-ын тусламжтайгаар манай улсад өвс хадах 10 морин станц байгуулагдсан. 1938 онд Эрхэлээс “Морин станц”-ыг Тариалан суманд шилжүүлэн ажиллуулжээ.

1943 он гэхэд станц 10 гаруй трактор болон бусад машин техниктэй болж бэхжсэн байна. Тэр үед төр засгаас хөдөө аж ахуйг өөрчлөн байгуулах талаар ихээхэн арга хэмжээ авч, улсын хэмжээнд 1940 оноос “Машин тракторын станцууд”-ыг “Сангийн аж ахуй” болгон өөрчилж эхлэсэн юм.

1943 оны 4-р сарын 23 нд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын машин тракторын станцыг Улсын сангийн аж ахуй болгох тухай тогтоол гаргаж, тус сангийн аж ахуй улсын 13 дахь сангийн аж ахуй болжээ.

1990 оноос улс оронд ардчилал, шинэчлэлийн уур амьсгал орж, засаг захиргааны шинэ нэгжээр сумын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргаа / АХГЗ/ нь Засаг даргын тамгын газар /ЗДТГ/ болж орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  шинээр байгуулагдсан.

Одоо  сумын төвийн Мандал, Бадрах баг, хөдөөгийн Ар тархи, Тавантолгой, Сэлэнгэ, Баянхошуу, Давааны ар  гэсэн 7 багтай.

Сумын нутаг дэвсгэр нь ерөнхийдөө уулын, ойт хээр, хээр бүхий хангайн тогтолцоотой.

 Дуургийн нуруу, Ар өвөр зорлого, Хүрээт, Дунд нуруу, Дулаан хаан, Намнан, Хушт, Одос зэрэг далайн түвшинээс дээш 1000-2000 метр өндөр өргөгдсөн уулсын дунд оршдог. Тариалан сумын эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхлэдэг.

Тариалан сум нь  нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно.

 Сумын хүн ам 2011 онд 5,975, 2012 онд 5965, 2014 онд 5,748, 2017 онд 6096, 2024 онд 6218 байгаа нь Хөвсгөл аймагтаа аймгийн төв Мөрөнг эс тооцвол хамгийн том сум болж байна.

Сумын төвийн Мандал, Бадрах баг нь 2024 оны байдлаар 3022 оршин суугчтай. Сумын төвөөс аймаг руу зүүн зүгт 160 км, нийслэл Улаанбаатараас 521 км зайд оршино. Мөрөн болон Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%