Хөвсгөл аймгийн Тариалан суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас татгалзах зорилготой “Сархадаас татгалзъя—Сумаараа нэгдье” нөлөөллийн аян эхэллээ. Тус аяныг сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Тунгалаг, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат нар аяны удирдамж болон 'Аялах дэвтэр'-ийг хуваарийн дагуу эхний байгууллага болох Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Тунгалагт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Сумын Эрүүл мэндийн төв нь 05 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд аяныг түүчээлэн ажиллах бөгөөд энэ хүрээнд дараах томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөн, ажилдаа орлоо. Үүнд:
Эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө: Тусгай төлөвлөгөө боловсруулан гаргаж, ажилтан, албан хаагчдыг хорт зуршлаас татгалзах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт нөлөөллийн ажлыг өрнүүлнэ.
Хэлэлцүүлэг: Архигүй-Амгалан амьдралыг хамтдаа бүтээе-Таны оролцоо Иргэд ААН албан байгууллага ТББ /залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо ахмадын хороо/ хамтран 200–300 хүнийг хамарсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Нарийн мэргэжлийн тусламж, эмчилгээ: Хөвсгөл аймгийн Сэтгэц, наркологийн тасагтай хамтран 10 хоногийн хугацаанд иргэд өөрийн хүсэлтээр оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалт зохион байгуулах, хамтран ажиллах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн тусгажээ.

